Monday, November 30, 2009

Нэргүй шүлэг - 2

… Би,

Би гэж хэн билээ,

Утсанд гар минь уяатай савчих

Улаан өнгийн даашинз өмссөн

Урвайж инээж, инээж урвайдаг

Утасгүй мөртлөө утсан хүүхэлдэй


Би,

Би гэдэг чинь юу билээ,

Үнэн биш хуурмагт булуулсан

Үзэгдэл бүр нь гашуун инээдтэй

Үргэлжлэх тусам төгсгөл үгүй

Уйтгарт нэгэн жүжгийн дүр


Би,

Би гэж яадаг билээ,

Урвайсан царайгаараа инээдийг нь барж

Уйлсан нүдээрээ элгийг нь хөшөөж

Үзэхээр ирэгсдийг баясган цэнгүүлэх

Өрнөл ихтэй жүжигт тоглодог


Би,

Би гэдэг чинь яадаг билээ,

Унжийж байсан ч баясдаг

Урвайж байсан ч хөхөрдөг

Уйлж байсан ч инээдэг

Урвуу болгож жүжигтээ амьдардаг


Би,

Би гэдэг чинь яах билээ,

Энэ тайзнаас нэг ч буулгүй

Эхлүүлсэн жүжгээ дуустал нь тоглосоор

Дүүрэн мөртлөө худал алга ташилтын өмнө

Дахиулах эрхгүйгээр тайзан дээрээ үхнэ…

Мечта…???

Орос хэлний хичээл. Багш хүүхдүүдэд “Мечта” гэсэн сэдвээр ярих даалгавар өгөөд хүүхдүүдийн яриаг нэг нэгээр нь сонсож байв. Нэг хүүгийн ээлж болоход хүү ярьсангүй. Ярьж эхлэхийг нь хүлээж суусан багш асуув гэнэ.

- Раскажи нам о своей мечте.

- …

- Ну, раскажи… у тебя есть мечта?

- Есть. У меня есть мечта “Лисьва”…

:)

Нэргүй шүлэг - 1

… Тэвчээрт хязгаар гэж бий

Тархинд бодол гэж бий

Хүлээхэд хугацаа гэж бий

Хүсэлд жолоо гэж бас бий


Цөхрөлд эцэс гэж бий

Сэтгэлд ухаарал гэж бий

Гомдолд туйл гэж бий

Гутралд тайвшрал гэж бас бий


Гэхдээ,

Хязгаарт ч, хугацаанд ч, эцэст ч, туйлд ч

Хүрсэн л бол дахиад л эхэлнэ

Хорвоогийн жамаар мөнхөд үргэлжилнэ


Харин,

Хязгаарт ч, хугацаанд ч, эцэст ч, туйлд ч

Дахин хүргэх шалтгаан нь өөр

Дагуулж явах эзэн нь ондоо…

Близнецы или двойняшки…???

Поле Чудес-ийн 5 жилийн ойн нэвтрүүлэгт 5 настнуудыг урьж оролцуулжээ. Хүрд эргэх хооронд Л.Якубович хүүхдүүдээс асуулт асуун ярилцаж байв. 2 охины дунд зогсох нэг хүүгээс Леонид Аркадьевич асууж гэнэ.

- У тебя есть брат или сестра?

- Есть, у меня есть две братишки. Они очень похожи друг на друга.

- Они что близнецы?

- Нет, двойняшки.

:)

Saturday, May 30, 2009

Сайн санааны элч Саманта Смит

Намайг бага байхад, манай гэрт нэг ном байдаг байлаа. Том далбагар, хуруу хэрийн зузаантай, ногоон хавтастай, хавтсан дээрээ талх давс барьсан ногоон футбол- катай, урт хар үстэй охины зурагтай нэг тийм ном. Би тэр номыг их үздэг байсан. Нэг охины зураг гараад л байдаг, орост очсон, орос хүүхдүүдтэй авахуулсан, бас аав ээжтэйгээ хамт байгаа, Артект очсон... гээд л зөндөө олон зурагтай. Уншаад уншаад хэлийг нь ойлгохгүй болохоор яая гэхэв дэ, зургийг нь л үздэг байлаа.Тэгээд ээжээсээ, энэ хэний ном болох, энэ охин юун охин болох тухай асууж байсан юм.

Саманта Смит /Samantha Smith/ гэдэг Америк охин.

Дэлхийн 2-р дайны дараахнаас ЗХУ, АНУ 2-ын хооронд үүссэн хүйтэн дайны үед төрж өссөн энэ охин 10 настай байхдаа тэр үеийн зөвлөлтийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдоод байсан Юрий Владимирович Андроповт захиа бичсэн юм. Захиандаа, түүнээс яагаад америк, орос 2 улс цөмийн зэвсэгийн дайн хийх гээд байгаа тухай, дайныг дэмжиж байгаа эсэхийг асуусан гэсэн.

Тэгсэн Юрий Владимирович түүнд хариу захиа бичихдээ дайныг хүсдэггүй, хэн ч тэр. Зөвлөлтөд ажиллаж амьдарч байгаа мянга мянган хүмүүс, хүүхдүүд энх тайван байдлыг эрхэмлэнэ гээд, тэгээд хэрэв хүсвэл Зөвлөлт холбоот улсад ирж, танилцаж орос хүмүүс хичнээн найрсаг болохыг өөрийн нүдээр хараач гэж урьж л дээ.

1982 оны 11 сард бичсэн захианых нь хариу 1983 оны 4 сарын 26-нд иржээ. Гэхдээ хариу захиа ирэхээс нь өмнө Правда сонинд түүний захиа хэвлэгдсэн нь Самантаг зөндөө их баярлуулсан гэсэн. 1983 оны 7-р сарын 7-нд Саманта Смит аав ээжийнхээ хамт Москваруу нисч очсноор түүний орос оронтой танилцах аялал нь эхэлжээ.

Орос улсын хувьд хамгийн бяцхан элчин болсон "Сайн санааны элч" охин оросын хамгийн сайхан бүхнийг үзэж, орос хүүхдүүд, орос хүмүүстэй танилцсан гэсэн. Москва, Санкт-Петербург, Артек... гээд л. Андропов тэр үед уулзаж чадаагүй ч түүнтэй утсаар ярьсан гэсэн. Өвдчихсөн байсан болохоор уулзаж чадаагүй гэж гэнэ.

Эцсийн дүндээ орос орон түүнд гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлж, аль ч улсад хүмүүс дайныг хүсдэггүй, энх тайвныг эрхэмлэдэг гэдгийг сайтар ойлгож авсан гэнэлээ.

Тэгээд гэрлүүгээ буцаж гэнэ. Гэртээ очсон хойноо үзсэн харсан бүхнээ, ойлгосон бүхнээ хүмүүст хэлж, 2 том гүрнийг холбосон бяцхан охин олон нийтэд алдаршжээ. Тв-ийн цувралд хүртэл тоглосон гэнэ. Гэхдээ мэдээж шоу чиглэлээр биш л дээ. Мөн түүний аялалын тухай, тэмдэглэл бүхий ном нь гарчээ.

Харамсалтай нь 1985 оны 8-р сарын 25-нд аавтайгаа хамт зураг авалтаас гэрлүүгээ буцаж байхад нь сууж явсан онгоц нь осолдоод хамт явсан 5 хүний хамт өөд болсон гэсэн. Дөнгөж 13 настай байхдаа. Түүний амийг авсан уг ослын тухайд зарим хүсүүс хүйтэн дайныг дэмжигч, Зөвлөлт холбоот улстай найрсаг харилцаанд орохыг хүсээгүй хэсэг хүмүүсийн хийсэн хэрэг ч гэж үздэг.

Өөд болсных нь дараа ээж нь түүний нэртэй сан байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

http://www.samanthasmith.info/