… Би,
Би гэж хэн билээ,
Утсанд гар минь уяатай савчих
Улаан өнгийн даашинз өмссөн
Урвайж инээж, инээж урвайдаг
Утасгүй мөртлөө утсан хүүхэлдэй
Би,
Би гэдэг чинь юу билээ,
Үнэн биш хуурмагт булуулсан
Үзэгдэл бүр нь гашуун инээдтэй
Үргэлжлэх тусам төгсгөл үгүй
Уйтгарт нэгэн жүжгийн дүр
Би,
Би гэж яадаг билээ,
Урвайсан царайгаараа инээдийг нь барж
Уйлсан нүдээрээ элгийг нь хөшөөж
Үзэхээр ирэгсдийг баясган цэнгүүлэх
Өрнөл ихтэй жүжигт тоглодог
Би,
Би гэдэг чинь яадаг билээ,
Унжийж байсан ч баясдаг
Урвайж байсан ч хөхөрдөг
Уйлж байсан ч инээдэг
Урвуу болгож жүжигтээ амьдардаг
Би,
Би гэдэг чинь яах билээ,
Энэ тайзнаас нэг ч буулгүй
Эхлүүлсэн жүжгээ дуустал нь тоглосоор
Дүүрэн мөртлөө худал алга ташилтын өмнө
Дахиулах эрхгүйгээр тайзан дээрээ үхнэ…