Sunday, October 17, 2010

Дахиад нэг "Атга нөж"...

Биширмээр...

Атга нөжийг дахиад үзлээ. Дахиад л гүнээ биширлээ. Б.Лхагвасүрэн гуайг, найруулагч Б.Баатарыг, жүжигчин Н.Сувд гуайг, Д.Сосорбарамыг, Н.Наранбаатарыг... Бүх л хүнийг дахин биширч байна. Зохиолыг бичсэн Б.Лхагвасүрэн гуайг гүнээ бишрэн хүндэтгэн, мэхийе.

Анх удаа үзэхийн минь өмнө намайг бишрүүлсэн зүйл бол "...Онон мөрний усыг 99 алд газар төөрүүлж, ...Эзэн Чингисийн дээгүүр, Эцгийн минь дээгүүр Дэлхийн нулимс урсаж байг..." гэдэг үг байсан юм. Үзэхээсээ өмнө энэ мөрүүдийг уншчихаад үнэхээр гайхаж билээ, яаж ингэж бодож, бас хэлдэг байнаа. Үзсний дараа харин хэлэх үг ч олдоогүй.

2 дах удаагаа үзэхэд минь, эхлээд үзэхэд гайхал төрүүлж байсан Жамуха зүгээр л бишрүүлж орхиж байсан.

Харин энэ удаад жүжигчид нь үнэхээр хүндлэл төрөхөөр тоглолоо.

Магадгүй зохиолч, найруулагч дүрээ сайн сонгосных байх, гэхдээ л жүжигчид энэ бүх хэцүү, хүнд гэмээр дүр, сэтгэл зүрхийг яаж ингэж амилуулж чадаж байна аа гэж бодогдтол л тоглох юм.

Хамгийн гайхалтай хүн Сувд гуай юм аа. 3 удаа үзэхэд минь өмнөхөөсөө гайхалтай, өмнөхөөсөө бишрэлтэй, өмнөхөөсөө илүү гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлтэл тоглов. Жүжигчин Н.Сувдын байдал төрх, биеэ авч яваа, дүрдээ орж байгаа нь.... гээд л. Би Өэлүн эхийг тийм хатуу мөртлөө зөөлөн, зөөлөн мөртлөө хатуу гэмээр хүн байна гэж бодож төсөөлж ч байгаагүй. Түүний дүрээс яг л Б.Лхагвасүрэн гуайн бодол, үг гүн гүнзгий мэдрэгдэж байсан. Мэдээж бүх дүрээс адилхан байх л даа.

Сосорбарамын бүтээсэн Чингис хаан минь үгээ илэрхийлж байгаа нь Сосорбарам болохоос үг бүр нь Лхагвасүрэн гуай байлаа. Тэр үнэхээр л одоогийн бүх жүжигчид дотроос ганц Чингис хаан маань байх. Өөлөх юм гэвэл, энэ удаад бага зэрэг бэтгэл дутсан уу, эсвэл шахамдуу байсан уу гэмээр, эсвэл бусад жүжигчид шиг байнгын режимд байдаггүйнх болов уу гэмээр зүйл анзаарагдсан. Бас дүр, Чингис хаан гэхээс жүжигчний өөрийнх нь характер бага зэрэг илэрэх шиг санагдав.

"Өнөөдрийн" Атга нөжөөс жүжигчин Энхтуулыгаа үгүйлэв. Энхтуул эгч сайхан Бөртэ юм байна гэдгийг өнөөдөр дахин мэдэрлээ. Жүжигчин Эрдэнэцэцэгийн тухайд таатай бус зүй хэлэх гэсэнгүй, гэхдээ л миний мэдэх Атга нөжийн Бөртэ үжин маань Энхтуул л юм байна. Нээрээ, Энхтуул эгч нас ахиад ирэхээрээ Сувд гуайтай адилхан болох байх аа. Өэлүн үжинг хажуунаас нь хартал надад яг л Энхтуул эгчийн нүд, хамар, хацар, шанаа харагдах шиг болсон.

Энхтуул эгчийг эгч гээд байгаа нь нэлээн хэдэн жилийн өмнө хамт нэг ангид сурч байсантай холбоотой юм. "Эссиг" гэвэл санах байхдаа. :)

Өнөөдрийг хүртэл миний мэдэх хамгийн сайхан, хамгийн гайхалтай, төсөөлөгдөшгүй Жамуха бол Наранбаатарын Жамуха байлаа. Зохиолчын Жамуха гайхалтай дээрээ Наранбаатар ч бас сайн тоглох юм. Сайн найруулагчаасаа дутахгүй, бүр илүү ч гарахаар сайн жүжигчин юм.

Нээрээ, нээх хөөрхөн бяцхан Зүчи байсийшд. Нээх хөөлхөн, бас эгдүүтэй. Өэлүн эхийн энгэрт тэврүүлээд, "эмээрүүгээ" харж байснаа Хуагч эмгэнийг хажууд дуугарахад ихэд л хэрэгт дуртай янзтай эргэж хараад л. Жүжгийн төгсгөд ногоон баринтаг, судалтай эрээн трико өмсчихсөн, бор халзан туулай царайлчихаад лаг хөөрхөн гарч ирсээн. Хайр хүрмээр... Нээрээ, анхны бяцхан Зүчи одоо бүр лут том болоо до. Анхны бас 2 жилийн өмнөх Зүчээс хамаагүй бадриун, жинтэй хүү харагдана лэ, өнөөдрийн "жүжигчин" маань. Сувдаа гуайн хайр хүрсэн шинжтэй л хараад байсан. :)

За тэгээд бодогдсон бүрээ нэгбүрчлэн бичээд байвал бүгдийг нь бичих байх. :)

Хасарыгаа нээрээ мартаж болохгүй. Хавт Хасар гэж Жаагаа дүрээрээ л мөн юм. Нас ахих тусам илүү ухаалаг, илүү "мөн" Хасар илэрэх шиг санагдсан.

Ямар ч байсан дахиад нэг "Атга нөж"-өө үзлээ. Дахиад хэдэн ч удаа хамаагүй үзэхийг хүсч байна.

Яагаад, урлаг гэдгийг үзэх бүрт өөр мэдрэмж төрж, үзэх бүрт түүнтэй цоо шинээр танилцдаг юм бол оо. "Хунт нуур"-ыг хэдэн арван ч удаа үзсэн үзэх бүрт л "шинээр" үздэг. Жүжиг ч мөн тийм юм. Ялангуяа Атга нөж. Гэхдээ, бүх балет, бүх жүжиг гэж хэлж болохгүй байх л даа. Зарим жүжиг юу гардгийг нь санахгүй болтол мартагдах нь бий. Зарим нь мартагдах бүү хэл зөвхөн тэр үг, тэр дүр, тэр илэрхийллийг нь л харахын төлөө дахин дахин театрт ирмээр тийм л ихээр хүнийг өөртөө татах юм.

Нэлээдгүй олон жүжиг үзэж байлаа, гэхдээ жишээ нь "Суудал" гэхэд юу гарж байсныг нь санахгүй юм. Гэхдээ бүх хүн над шиг бодох албагүй. Миний мэдрэмж, хүсэл л ийм биз.

Бас залуу жүжигчдийг нэлээн анзаарлаа. Их л олон жүжигчид байна. Гэхдээ бас театр гэдэг сайн жүжгийг тавихын тулд сайн бүрэлдэхүүнтэй байхын утгыг ойлгомоор санагдав. Эрэгтэй жүжигчин бүр Жамуха болохгүй, Хасар болохгүй. Мөн эмэгтэй хүн бүр Өэлүн эх болохгүй, Бөртэ болохгүй.

Тусгай салааны Түвшинд толодог жүжигчин Баттөр нээрээ тоглож байна лэ. Бас Алтаншагай, Дэмидбаатар гээд. Хэдий хошин шог урлагийн нэг төрөл мөн ч хошин шог бол хошин шог л юм гэж бодогдсон.

Жүжгээс гараад алхаж байхад хальт бодогдсон нэг зүйл юу гэ. Лхагвасүрэн гуайн жүжигт Урнаад тохирох дүр гэж байхгүй юм гэж бодогдов. :| уучлаарай, надад л тийм бодол төрсөн хэрэг.

Дахиад үзэх юмсан. Яг л Хунт нуураа үгүйлдэг шиг үгүйлмээр санагдаад байна...