Sunday, October 17, 2010

Дахиад нэг "Атга нөж"...

Биширмээр...

Атга нөжийг дахиад үзлээ. Дахиад л гүнээ биширлээ. Б.Лхагвасүрэн гуайг, найруулагч Б.Баатарыг, жүжигчин Н.Сувд гуайг, Д.Сосорбарамыг, Н.Наранбаатарыг... Бүх л хүнийг дахин биширч байна. Зохиолыг бичсэн Б.Лхагвасүрэн гуайг гүнээ бишрэн хүндэтгэн, мэхийе.

Анх удаа үзэхийн минь өмнө намайг бишрүүлсэн зүйл бол "...Онон мөрний усыг 99 алд газар төөрүүлж, ...Эзэн Чингисийн дээгүүр, Эцгийн минь дээгүүр Дэлхийн нулимс урсаж байг..." гэдэг үг байсан юм. Үзэхээсээ өмнө энэ мөрүүдийг уншчихаад үнэхээр гайхаж билээ, яаж ингэж бодож, бас хэлдэг байнаа. Үзсний дараа харин хэлэх үг ч олдоогүй.

2 дах удаагаа үзэхэд минь, эхлээд үзэхэд гайхал төрүүлж байсан Жамуха зүгээр л бишрүүлж орхиж байсан.

Харин энэ удаад жүжигчид нь үнэхээр хүндлэл төрөхөөр тоглолоо.

Магадгүй зохиолч, найруулагч дүрээ сайн сонгосных байх, гэхдээ л жүжигчид энэ бүх хэцүү, хүнд гэмээр дүр, сэтгэл зүрхийг яаж ингэж амилуулж чадаж байна аа гэж бодогдтол л тоглох юм.

Хамгийн гайхалтай хүн Сувд гуай юм аа. 3 удаа үзэхэд минь өмнөхөөсөө гайхалтай, өмнөхөөсөө бишрэлтэй, өмнөхөөсөө илүү гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлтэл тоглов. Жүжигчин Н.Сувдын байдал төрх, биеэ авч яваа, дүрдээ орж байгаа нь.... гээд л. Би Өэлүн эхийг тийм хатуу мөртлөө зөөлөн, зөөлөн мөртлөө хатуу гэмээр хүн байна гэж бодож төсөөлж ч байгаагүй. Түүний дүрээс яг л Б.Лхагвасүрэн гуайн бодол, үг гүн гүнзгий мэдрэгдэж байсан. Мэдээж бүх дүрээс адилхан байх л даа.

Сосорбарамын бүтээсэн Чингис хаан минь үгээ илэрхийлж байгаа нь Сосорбарам болохоос үг бүр нь Лхагвасүрэн гуай байлаа. Тэр үнэхээр л одоогийн бүх жүжигчид дотроос ганц Чингис хаан маань байх. Өөлөх юм гэвэл, энэ удаад бага зэрэг бэтгэл дутсан уу, эсвэл шахамдуу байсан уу гэмээр, эсвэл бусад жүжигчид шиг байнгын режимд байдаггүйнх болов уу гэмээр зүйл анзаарагдсан. Бас дүр, Чингис хаан гэхээс жүжигчний өөрийнх нь характер бага зэрэг илэрэх шиг санагдав.

"Өнөөдрийн" Атга нөжөөс жүжигчин Энхтуулыгаа үгүйлэв. Энхтуул эгч сайхан Бөртэ юм байна гэдгийг өнөөдөр дахин мэдэрлээ. Жүжигчин Эрдэнэцэцэгийн тухайд таатай бус зүй хэлэх гэсэнгүй, гэхдээ л миний мэдэх Атга нөжийн Бөртэ үжин маань Энхтуул л юм байна. Нээрээ, Энхтуул эгч нас ахиад ирэхээрээ Сувд гуайтай адилхан болох байх аа. Өэлүн үжинг хажуунаас нь хартал надад яг л Энхтуул эгчийн нүд, хамар, хацар, шанаа харагдах шиг болсон.

Энхтуул эгчийг эгч гээд байгаа нь нэлээн хэдэн жилийн өмнө хамт нэг ангид сурч байсантай холбоотой юм. "Эссиг" гэвэл санах байхдаа. :)

Өнөөдрийг хүртэл миний мэдэх хамгийн сайхан, хамгийн гайхалтай, төсөөлөгдөшгүй Жамуха бол Наранбаатарын Жамуха байлаа. Зохиолчын Жамуха гайхалтай дээрээ Наранбаатар ч бас сайн тоглох юм. Сайн найруулагчаасаа дутахгүй, бүр илүү ч гарахаар сайн жүжигчин юм.

Нээрээ, нээх хөөрхөн бяцхан Зүчи байсийшд. Нээх хөөлхөн, бас эгдүүтэй. Өэлүн эхийн энгэрт тэврүүлээд, "эмээрүүгээ" харж байснаа Хуагч эмгэнийг хажууд дуугарахад ихэд л хэрэгт дуртай янзтай эргэж хараад л. Жүжгийн төгсгөд ногоон баринтаг, судалтай эрээн трико өмсчихсөн, бор халзан туулай царайлчихаад лаг хөөрхөн гарч ирсээн. Хайр хүрмээр... Нээрээ, анхны бяцхан Зүчи одоо бүр лут том болоо до. Анхны бас 2 жилийн өмнөх Зүчээс хамаагүй бадриун, жинтэй хүү харагдана лэ, өнөөдрийн "жүжигчин" маань. Сувдаа гуайн хайр хүрсэн шинжтэй л хараад байсан. :)

За тэгээд бодогдсон бүрээ нэгбүрчлэн бичээд байвал бүгдийг нь бичих байх. :)

Хасарыгаа нээрээ мартаж болохгүй. Хавт Хасар гэж Жаагаа дүрээрээ л мөн юм. Нас ахих тусам илүү ухаалаг, илүү "мөн" Хасар илэрэх шиг санагдсан.

Ямар ч байсан дахиад нэг "Атга нөж"-өө үзлээ. Дахиад хэдэн ч удаа хамаагүй үзэхийг хүсч байна.

Яагаад, урлаг гэдгийг үзэх бүрт өөр мэдрэмж төрж, үзэх бүрт түүнтэй цоо шинээр танилцдаг юм бол оо. "Хунт нуур"-ыг хэдэн арван ч удаа үзсэн үзэх бүрт л "шинээр" үздэг. Жүжиг ч мөн тийм юм. Ялангуяа Атга нөж. Гэхдээ, бүх балет, бүх жүжиг гэж хэлж болохгүй байх л даа. Зарим жүжиг юу гардгийг нь санахгүй болтол мартагдах нь бий. Зарим нь мартагдах бүү хэл зөвхөн тэр үг, тэр дүр, тэр илэрхийллийг нь л харахын төлөө дахин дахин театрт ирмээр тийм л ихээр хүнийг өөртөө татах юм.

Нэлээдгүй олон жүжиг үзэж байлаа, гэхдээ жишээ нь "Суудал" гэхэд юу гарж байсныг нь санахгүй юм. Гэхдээ бүх хүн над шиг бодох албагүй. Миний мэдрэмж, хүсэл л ийм биз.

Бас залуу жүжигчдийг нэлээн анзаарлаа. Их л олон жүжигчид байна. Гэхдээ бас театр гэдэг сайн жүжгийг тавихын тулд сайн бүрэлдэхүүнтэй байхын утгыг ойлгомоор санагдав. Эрэгтэй жүжигчин бүр Жамуха болохгүй, Хасар болохгүй. Мөн эмэгтэй хүн бүр Өэлүн эх болохгүй, Бөртэ болохгүй.

Тусгай салааны Түвшинд толодог жүжигчин Баттөр нээрээ тоглож байна лэ. Бас Алтаншагай, Дэмидбаатар гээд. Хэдий хошин шог урлагийн нэг төрөл мөн ч хошин шог бол хошин шог л юм гэж бодогдсон.

Жүжгээс гараад алхаж байхад хальт бодогдсон нэг зүйл юу гэ. Лхагвасүрэн гуайн жүжигт Урнаад тохирох дүр гэж байхгүй юм гэж бодогдов. :| уучлаарай, надад л тийм бодол төрсөн хэрэг.

Дахиад үзэх юмсан. Яг л Хунт нуураа үгүйлдэг шиг үгүйлмээр санагдаад байна...

Monday, November 30, 2009

Нэргүй шүлэг - 2

… Би,

Би гэж хэн билээ,

Утсанд гар минь уяатай савчих

Улаан өнгийн даашинз өмссөн

Урвайж инээж, инээж урвайдаг

Утасгүй мөртлөө утсан хүүхэлдэй


Би,

Би гэдэг чинь юу билээ,

Үнэн биш хуурмагт булуулсан

Үзэгдэл бүр нь гашуун инээдтэй

Үргэлжлэх тусам төгсгөл үгүй

Уйтгарт нэгэн жүжгийн дүр


Би,

Би гэж яадаг билээ,

Урвайсан царайгаараа инээдийг нь барж

Уйлсан нүдээрээ элгийг нь хөшөөж

Үзэхээр ирэгсдийг баясган цэнгүүлэх

Өрнөл ихтэй жүжигт тоглодог


Би,

Би гэдэг чинь яадаг билээ,

Унжийж байсан ч баясдаг

Урвайж байсан ч хөхөрдөг

Уйлж байсан ч инээдэг

Урвуу болгож жүжигтээ амьдардаг


Би,

Би гэдэг чинь яах билээ,

Энэ тайзнаас нэг ч буулгүй

Эхлүүлсэн жүжгээ дуустал нь тоглосоор

Дүүрэн мөртлөө худал алга ташилтын өмнө

Дахиулах эрхгүйгээр тайзан дээрээ үхнэ…

Мечта…???

Орос хэлний хичээл. Багш хүүхдүүдэд “Мечта” гэсэн сэдвээр ярих даалгавар өгөөд хүүхдүүдийн яриаг нэг нэгээр нь сонсож байв. Нэг хүүгийн ээлж болоход хүү ярьсангүй. Ярьж эхлэхийг нь хүлээж суусан багш асуув гэнэ.

- Раскажи нам о своей мечте.

- …

- Ну, раскажи… у тебя есть мечта?

- Есть. У меня есть мечта “Лисьва”…

:)

Нэргүй шүлэг - 1

… Тэвчээрт хязгаар гэж бий

Тархинд бодол гэж бий

Хүлээхэд хугацаа гэж бий

Хүсэлд жолоо гэж бас бий


Цөхрөлд эцэс гэж бий

Сэтгэлд ухаарал гэж бий

Гомдолд туйл гэж бий

Гутралд тайвшрал гэж бас бий


Гэхдээ,

Хязгаарт ч, хугацаанд ч, эцэст ч, туйлд ч

Хүрсэн л бол дахиад л эхэлнэ

Хорвоогийн жамаар мөнхөд үргэлжилнэ


Харин,

Хязгаарт ч, хугацаанд ч, эцэст ч, туйлд ч

Дахин хүргэх шалтгаан нь өөр

Дагуулж явах эзэн нь ондоо…

Близнецы или двойняшки…???

Поле Чудес-ийн 5 жилийн ойн нэвтрүүлэгт 5 настнуудыг урьж оролцуулжээ. Хүрд эргэх хооронд Л.Якубович хүүхдүүдээс асуулт асуун ярилцаж байв. 2 охины дунд зогсох нэг хүүгээс Леонид Аркадьевич асууж гэнэ.

- У тебя есть брат или сестра?

- Есть, у меня есть две братишки. Они очень похожи друг на друга.

- Они что близнецы?

- Нет, двойняшки.

:)

Saturday, May 30, 2009

Сайн санааны элч Саманта Смит

Намайг бага байхад, манай гэрт нэг ном байдаг байлаа. Том далбагар, хуруу хэрийн зузаантай, ногоон хавтастай, хавтсан дээрээ талх давс барьсан ногоон футбол- катай, урт хар үстэй охины зурагтай нэг тийм ном. Би тэр номыг их үздэг байсан. Нэг охины зураг гараад л байдаг, орост очсон, орос хүүхдүүдтэй авахуулсан, бас аав ээжтэйгээ хамт байгаа, Артект очсон... гээд л зөндөө олон зурагтай. Уншаад уншаад хэлийг нь ойлгохгүй болохоор яая гэхэв дэ, зургийг нь л үздэг байлаа.Тэгээд ээжээсээ, энэ хэний ном болох, энэ охин юун охин болох тухай асууж байсан юм.

Саманта Смит /Samantha Smith/ гэдэг Америк охин.

Дэлхийн 2-р дайны дараахнаас ЗХУ, АНУ 2-ын хооронд үүссэн хүйтэн дайны үед төрж өссөн энэ охин 10 настай байхдаа тэр үеийн зөвлөлтийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдоод байсан Юрий Владимирович Андроповт захиа бичсэн юм. Захиандаа, түүнээс яагаад америк, орос 2 улс цөмийн зэвсэгийн дайн хийх гээд байгаа тухай, дайныг дэмжиж байгаа эсэхийг асуусан гэсэн.

Тэгсэн Юрий Владимирович түүнд хариу захиа бичихдээ дайныг хүсдэггүй, хэн ч тэр. Зөвлөлтөд ажиллаж амьдарч байгаа мянга мянган хүмүүс, хүүхдүүд энх тайван байдлыг эрхэмлэнэ гээд, тэгээд хэрэв хүсвэл Зөвлөлт холбоот улсад ирж, танилцаж орос хүмүүс хичнээн найрсаг болохыг өөрийн нүдээр хараач гэж урьж л дээ.

1982 оны 11 сард бичсэн захианых нь хариу 1983 оны 4 сарын 26-нд иржээ. Гэхдээ хариу захиа ирэхээс нь өмнө Правда сонинд түүний захиа хэвлэгдсэн нь Самантаг зөндөө их баярлуулсан гэсэн. 1983 оны 7-р сарын 7-нд Саманта Смит аав ээжийнхээ хамт Москваруу нисч очсноор түүний орос оронтой танилцах аялал нь эхэлжээ.

Орос улсын хувьд хамгийн бяцхан элчин болсон "Сайн санааны элч" охин оросын хамгийн сайхан бүхнийг үзэж, орос хүүхдүүд, орос хүмүүстэй танилцсан гэсэн. Москва, Санкт-Петербург, Артек... гээд л. Андропов тэр үед уулзаж чадаагүй ч түүнтэй утсаар ярьсан гэсэн. Өвдчихсөн байсан болохоор уулзаж чадаагүй гэж гэнэ.

Эцсийн дүндээ орос орон түүнд гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлж, аль ч улсад хүмүүс дайныг хүсдэггүй, энх тайвныг эрхэмлэдэг гэдгийг сайтар ойлгож авсан гэнэлээ.

Тэгээд гэрлүүгээ буцаж гэнэ. Гэртээ очсон хойноо үзсэн харсан бүхнээ, ойлгосон бүхнээ хүмүүст хэлж, 2 том гүрнийг холбосон бяцхан охин олон нийтэд алдаршжээ. Тв-ийн цувралд хүртэл тоглосон гэнэ. Гэхдээ мэдээж шоу чиглэлээр биш л дээ. Мөн түүний аялалын тухай, тэмдэглэл бүхий ном нь гарчээ.

Харамсалтай нь 1985 оны 8-р сарын 25-нд аавтайгаа хамт зураг авалтаас гэрлүүгээ буцаж байхад нь сууж явсан онгоц нь осолдоод хамт явсан 5 хүний хамт өөд болсон гэсэн. Дөнгөж 13 настай байхдаа. Түүний амийг авсан уг ослын тухайд зарим хүсүүс хүйтэн дайныг дэмжигч, Зөвлөлт холбоот улстай найрсаг харилцаанд орохыг хүсээгүй хэсэг хүмүүсийн хийсэн хэрэг ч гэж үздэг.

Өөд болсных нь дараа ээж нь түүний нэртэй сан байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

http://www.samanthasmith.info/

Tuesday, November 11, 2008

Шинэ Хунтай нуур...

Уржигдар Хунт нуур үзлээ. Өчигдөр бичих гэсэн боловч чадсангүй. Зиа тэгээд, шинэ улирлын эхлэл, шинэ хунтай нуур сайхан байлаа гэж.

Шинэхэн хунг нь Саруул гэнэ. Хөөрхөн хун байсан шүү. Бас, шинэ Зигфрид байсныг сайн мэдэлгүй Алтанхуяг гэж бодлоо. Мэдкүэ, надад лав Алтанхуяг шиг л харагдаад байсан, холоос болохоор андуурсан байх л даа.

Хамгийн гоё нь юу байсан гэхээр ойрд балет үзээгүй байж байгаад үзсэн нь гоё байсан. Гоё хөгжим, аялгуунууд сонсоогүй удсан байна лээ.

Нээрээ, баавгайн талд орж байгаа ч юм биш, гэхдээ л Хар хунг гарч ирэхээр аймаар баярладийн. Сонин. Тэгсэн манай шинэ хар хун маань 2 бичкээн алдчихсан. :) Гэхдээ л Цагааны хувьд ч Харын хувьд ч аль алинд нь сайхан бүжиглэсээн.

Сониноос гэвэл Ерөнхий сайд С.Баяр бага охин Даръяатайгаа, бас танхимынхаа хэд хэдэн хүнтэй хамт ирж үзсэн. Тэгээд янз нь /миний таамгаар шдээ/, тэдгээр хүмүүсийн аюулгүй байдал болон бусад зүйлсээс болоод байх аа, эхний 2 үзэгдлийн дундах завсарлага байхгүй болж орхисон. :) Харин сүүлийн үзэгдлээ тэр хүмүүс үзэлгүй яваад өгнө билээ. Ордны бүжигтэй сүүлийн хэсэг бол гоё шүү дэ, үзэхэд илүүдэхээргүй л баймаар, гэхдээ боломж нь болдоггүйм байлгүй дээ.

Tuesday, October 14, 2008

Шинэ улирал Хунт нуур, Кармен-аар эхлэх нь

Дуурь Бүжгийн эрдмийн театрын шинэ улирлын нээлт 11 сарын 8-д болно гэнэ. П.И.Чайковскийн "Хунт нуур" балет, Ж.Бизегийн "Кармен" дууриар нээлтээ хийх энэ улиралд дуурь бүжгийн эрдмийн театр шинэ тайзтай байх нь. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнгийн ярилцлагаас дэлгэрэнгүйг уншаарай.

Жизелийн хувцасыг бас сольж байгаа гэнэ. :) Жизель улам гоё болох байх аа.

Tuesday, September 30, 2008

Төстэй байна уу...

Women in Art гээд бичлэг байсан даа. Тэрний зургуудын сүүл хавиар байсан нэг эмэгтэйн зураг нэг хүнтэй их төстэй санагдсын. Анх харахад. Доор зургийг нь харьцуулав. 

Эхний зураг бол Women in Art-ын 1:45 минутын хавьцаа гарсан зураг. Pierre Auguste Renoir-ын "Хатагтай Генриетийн хөрөг" юм байна. 

Харин нөгөө хүн нь бол мэдээж Anne Hathaway. 



Monday, September 29, 2008

Иван Константинович Айвазовский

Айвазовский бол зөвхөн далайг л зурдаг. Шишкин зөвхөн байгал, ой модод, тал хээрийг зурдаг шиг.

Крымд төрсөн Айвазовский 1817-1900 оны хооронд амьдарч байсан бөгөөд 6000 илүү зураг зурж, хойч үедээ үлдээжээ. Энэ бол түүний хөрөг зураг.

Манай гэрт "10 дах балл" зураг нь байдийн. Мэдээж хуулбар л даа. ;)) Намайг бага байхад ээж Орос явж ирэхдээ авч ирж байлаа. Гоё санагдаад л, бас л асуудаг байлаа. Ямар хүний ямар гээч зураг вэ гээд л. Дараа нь түүний зургуудаар хийсэн ил захидлын цуглуулгыг харж байсын. Их гоё санагдаж байсан. Тэгээд л Айвазовскийн "далайнууд"-ад дуртай болчихсийн.

Далайг бол янз янзаар нь зурна. Яг л амьд юм шиг.

За энэ бол "10 дах балл" нь.

"Крет арал дээр"

"Родос арал дээр"

"Сарны гэрэлдэх далайн үзэмж"

"Мэри шуурганд өртөв"

"Солонго"

"Хар далай"

"Далайд нар жаргах нь"

Friday, September 12, 2008

Багадаа дуртай байсан зургуудаас...

Одоо ч дуртай хэвээрээ байгаа л даа. Заримдаа зүгээр л хараад баймаар санагддийн.

Эхнийхийг нь "Морьтой бүсгүй" гэдийм болуу, оросоор "Всадница" гээд байдаг.

Карл Брюллов гээд XIX зууны үеийн оросын зураачийн гүнгийн ахайтан Самойловагийн хүсэлтээр зурсан зураг. 1832 онд зурагдсан, одоо Третьяковын галерейд хадгалагдаж байгаа энэ зурган дээр Самойловагийн хүмүүжүүлсэн 2 итали охиныг дүрсэлсэн гэсэн. Хар морьтой гоё бүсгүйг нь Жованнина, яагаан даашинзтай бяцхан охиныг Амацилия Пачини байна гэж судлаачид тогтоосон гэнэлээ.

Жованнина нь өглөөний зугаалгаас буцаад ирж байгаа нь, бяцхан Амацилия нь түүнийг тосч авч байгаа нь. Хэрвээ ойртоод сайн харвал морины хажууд байгаа нохойны хүзүүвчин дээр "Samoylo" гэсэн нэр бичсэн байгаа.

Юугаараа ч юм, энэ зураг надад их гоё санагддаг юм. Анх хараад л таалагдсан. Бага ангид байхдаа ээжийнхээ цуглуулдаг байсан дээр үеийн орос сэтгүүл дээрээс анх зургийг нь харж билээ. Спутник гээд тэр сэтгүүл дугаар бүрийнхээ голын хуудсанд оросын алдартай зураачдын бүтээлээс тайлбарлаад хүргэдэг байсан. Өглөө гэхэд жаахан бүүдгэр ч гэхиймуу, бүрхэгдүү болохоос бүх юм л нь гоё зурагдсан санагддаг.

Дараагийнх нь энэ. Владимир Лукич Боровиковскийн 1797 онд зурсан Хатагтай Лопухинагийн хөрөг зураг.

Энэ эмэгтэй нээх гоё харагддийн. Ойртоод харахаар нүд нь аягүй гоё. Дундад зууны үеийн хүмүүсийн хөрөг зургууд гэхээр их сонин сонин хүмүүсийн зураг байгаад байдаг да. Оросууд өөр байдаг юм уу, энэ их л аятайхан бүсгүй шиг санагддийн.

Би бас л сэтгүүл дээрээс энэ зургийг харж байсан. Тэгээд ээжээс гуйгаад хайчилж аваад хадгалдаг байж билээ. Хармаар санагдахаараа гаргаж харчихаад л далд хийчихдэг. Бас дуурайж зурах гэж наян юм болноо. Нүдийг нь овоо дуурайлгаж зурж байснаа нэг бол хамар нэг бол уруулнаас нь эхлээд хачин юм хийчихнэ. Тэгээд л нэг хэсэг зургийн дэвтрийн хэдэн хуудас дүүрэн нүд хамар байдаг байсан. :р

Нээрээ, сая дахиад сайн харлаа. Нүд уруул нь надад хамгийн их таалагддаг байсан юм байна. Бас зогсож байгаа байдал нь. Донжтой ч гэхиймуу, эвтэйхэн бас аятайхан.



Thursday, September 4, 2008

Philip Scott Johnson-ы бүтээлүүдээс /2-р хэсэг/

Self Portraits


Visages d'Art

Philip Scott Johnson-ы бүтээлүүдээс /1-р хэсэг/

Women in Film


Men in Film

Women in Art

Өнөөдөр санаандгүй явж байгаад нэг сонирхолтой гоё видео оллоо. Уул нь би бага байхдаа дуртай байсан нэг зургаа хайж явсан юм.

Энэ youtube дээрх бичлэг Philip Scott Johnson (хэрэв хүсвэл youtube-ээс eggman913 гэдэг нэрээр олж болно) гээд хүнийх юм байна. Энэ хүн уг видеогоороо 2007 YouTube Awards!-ын Most Creative Video номинацид нэр дэвшсэн гэнэ.

Надад лав таалагдлаа.

Women in Art



Сикстиний эх дагина

Энд зүгээр нэг зүйл сонирхуулах гэсийн. Сикстиний эх дагина гэдэг зураг.

5-р ангид байхад зургийн багш Сэргэн мандалтын үеийн зураачдын тухай, зарим нэг зургаас нь тайлбарлаж, ярьж байсан юм. Тэр үед энэ зургийг анх хараад Сикстиний Эх Дагина гэж сонсож байсан.

Сэргэн мандалтын үеийн италийн зураач Рафаэл Санцио-гийн хамгийн алдартай зургуудын нэг. 1512-1514 оны хооронд зурсан энэ зураг одоо ХБНГУ-ын Дрезден хотын Gemäldegalerie Alte Meister галерейд хадгалагдаж байдаг юм байна.

Рафаэл энэхүү зурагтаа гэгээн Сикстусыг зурсан бөгөөд гэгээнтэний нэр нь латинаар "зургаа" гэсэн үгнээс гаралтай болохоор түүнийг зургаан хуруутайгаар дүрсэлжээ. Хэрвээ та сайн харвал зүүн гар талд зогсож байгаа эрэгтэй хүний баруун гар 6 хуруутай байгаа. Бас нэг юм нь юу гэхээр энэ зурган дээр 6 хүний дүр байдаг.

Надад иймэрхүү нууцлаг ч юм уу, далд байдлаар ямар нэг зүйлийн утгыг илэрхийлэх таалагддаг. Бас ямар нэг юмтай нь холбоотой байхад. Жишээ нь, монголын гурвалсан кино байдаг да, Гарьд магнай, Цэц магнай, Тод магнай гээд. Тэр гурвыг бичсэн зохиолч нь (нэрийг нь би мартчихжээ, манай дүү хэлж байсан юм) гурван зохиолд гурвууланд Удвал гэдэг нэртэй эмэгтэйг гаргасан байсан гэсэн.

Миний дуртай бүжгэн жүжгүүд

Миний хамгийн их үзэх дуртай бүжгэн жүжиг бол Хунт Нуур.

Их олон балет үзээгүй л дээ, гэхдээ л Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдаж байгаа балетуудын гарах хуваарийг нь хараад л, ажиглаад л, аль болох үзэхийг хичээдэг байлаа. Их сургуулийн 4-р курсэд байхдаа нэг хэсэг долоо хоног бүр үздэг байсан юм. Тэр үед оюутны хөнгөлөлтийн карт гэж байсан, тэр картаар нь дуурийн театрт тавигдаж байгаа дуурь, балетыг 50%-ийн хөнгөлөлттэйгөөр үзэх боломжтой байдаг байсан. Би ч тэр боломжийг нэг хэсэг их ашигласан л даа.

Тэр үед эхлээд Хунт нуур үзсэн санагдаж байна. Дүүтэйгээ. Гэтэл манай дүү хунгийн "чуулган" болдог хэсэг дээр унтчихсан. :| Дараа нь нэг найзтайгаа тэр үед нээлтээ хийж байсан Чойжид дагина балетыг үзсэн. Тэгээд тэрнээс хойш, дандаа ганцаараа үздэг боллоо. Ганцаараа үзэх заримдаа давуу талтай байдаг. Тухайлбал, билет худалдаж авахаас эхлээд. 2 ба түүнээс дээш тооны хүн явж байгаа үед суудлыг нь зэрэгцээгээр тааруулах хэрэг гарна, тэр тохиолдолд аль гайгүй олон суудал хоосон байгаа эгнээнээс тааруулах хэрэг гарна. Харин ганцаараа явж байх тохиолдолд, хэд хэдэн олон хүний суудлын дунд үлдсэн хамгийн урдуур эгнээнд, хамгийн голоор суудал таарах магадлал өндөрсөнө. :) Би хэд хэдэн удаа 7, 8-р эгнээний голд сууж байсан юм. Ганцаараа үзэхэд учрах дараагийн давуу тал бол балетыг үзэж байхдаа өөрөө өөртэйгөө чөлөөтэй ярьж, баярлаж, хөөрч, гуниж, уйлж болно.

Нэг юм саналаа. Бүүүүр хамгийн анх нь би 10-р ангид сурч байхдаа шинэ жилээр Шелкунчик бүжгэн жүжгийг сайн найзтайгаа хамт үзсэн юм байна. Манай тэр найз их гоё бүжиглэдэг юм. Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд олон жил явсан, гавъяат багш Жаргалсайханы шавь, монгол бүжгийг үнэхээр гоё бүжиглэдэг охин. Дугуйланд явахаа больсон ч гэсэн хүүхдийн ордны арга хэмжээнүүдэд уригдаад л, багш нартайгаа уулзаад л явдаг байсан. Тэр найзтайгаа хамт Шелкунчикийг үзсэн юм. Гоё байсан шүү. Угаасаа балет нь өөрөө ч гоё, үлгэрийн, шинэ жилийн, хүүхдийн, бас гоё романтик. Бүжиглэж байгаа нь ч гэсэн. Бид хоёрт үндэтстнүүдийнх нь бүжиг хөгжилтэй, сонирхолтой санагдж байсан. Тэрнээс хойш бүтэн 3 жил театрт орж балет үзээгүй байж байгаад нэг хэсэг үзсэн юм байна.

Их сургуульд байхдаа аль болох л их үздэг байлаа. Хунт нуур, Жизель, Цэнхэр нүдэн бүсгүй, Үйлийн гурван толгой, Дон Кихот, Бахчисарайн оргилолт булаг, ... Анх, Дон Кихотыг үзэх гээд сууж байхдаа, Шадар гурван цэргийн эхлэл дээр д'Артанъяаныг 18 настай Дон Кихоттой зүйрлэж байсныг төсөөлөөд л, нэг сайхан залуу гарч ирэх юм бодоод байсан чинь нэг бүдүүн хүн гараад ирсэн.

Энэ оросын Большой Театрын бүжигчдийн зураг. Надад Хунт нуураас хамгийн их таалагддаг хэсэг нь Неополитан бүжиг нь. Бас Хар хунгийн бүжиглэдэг хэсэг байна. Оделия-гийн ширүүн, гэхдээ чадварлаг, эрч хүчтэй бүжиглэж байгааг нь харах гоё санагддийн. Цагаан хун гоё, зөөлөн, энхрий, гэхдээ хүч сул санагддаг.

Эмэгтэй дүрүүдээс хамгийн гоё нь Дон Кихотын Китри. Галтай, цогтой, цоглог. Бас нэлээн сэргэлэн хөгжилтэй. Тийм болоод л түүнд дандаа улаан даашинз өмсгөдөг байх аа.

Wednesday, September 3, 2008

Хамгийн анхны жинхэнэ бичлэг

Хамгийн анхны туршилтын биш, жинхэнэ бичлэгээ нэг хүнд зориулъяа. Би хамгийн эхлээд уул нь өөр утгатай, өөр зорилготойг нээе гэж бодсон юм, тэгснээ гэнэт өөр хүн харчихвий гэж айгаад. :( Тэгээд энийг нээв. Нээх нээхдээ түрүүнээс хойш 4 удаа нээж, 3-т нь устгасан. :| 

Цаашид хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй. Гэхдээ үргэлж дүүгийнхээ блогоор орж, саналаа хэлж байгаасай гэж хүсэх гэсэн юм. :) Болнуу? 

Анхны бичлэг

Туршилт хийж байна.