Friday, September 12, 2008

Багадаа дуртай байсан зургуудаас...

Одоо ч дуртай хэвээрээ байгаа л даа. Заримдаа зүгээр л хараад баймаар санагддийн.

Эхнийхийг нь "Морьтой бүсгүй" гэдийм болуу, оросоор "Всадница" гээд байдаг.

Карл Брюллов гээд XIX зууны үеийн оросын зураачийн гүнгийн ахайтан Самойловагийн хүсэлтээр зурсан зураг. 1832 онд зурагдсан, одоо Третьяковын галерейд хадгалагдаж байгаа энэ зурган дээр Самойловагийн хүмүүжүүлсэн 2 итали охиныг дүрсэлсэн гэсэн. Хар морьтой гоё бүсгүйг нь Жованнина, яагаан даашинзтай бяцхан охиныг Амацилия Пачини байна гэж судлаачид тогтоосон гэнэлээ.

Жованнина нь өглөөний зугаалгаас буцаад ирж байгаа нь, бяцхан Амацилия нь түүнийг тосч авч байгаа нь. Хэрвээ ойртоод сайн харвал морины хажууд байгаа нохойны хүзүүвчин дээр "Samoylo" гэсэн нэр бичсэн байгаа.

Юугаараа ч юм, энэ зураг надад их гоё санагддаг юм. Анх хараад л таалагдсан. Бага ангид байхдаа ээжийнхээ цуглуулдаг байсан дээр үеийн орос сэтгүүл дээрээс анх зургийг нь харж билээ. Спутник гээд тэр сэтгүүл дугаар бүрийнхээ голын хуудсанд оросын алдартай зураачдын бүтээлээс тайлбарлаад хүргэдэг байсан. Өглөө гэхэд жаахан бүүдгэр ч гэхиймуу, бүрхэгдүү болохоос бүх юм л нь гоё зурагдсан санагддаг.

Дараагийнх нь энэ. Владимир Лукич Боровиковскийн 1797 онд зурсан Хатагтай Лопухинагийн хөрөг зураг.

Энэ эмэгтэй нээх гоё харагддийн. Ойртоод харахаар нүд нь аягүй гоё. Дундад зууны үеийн хүмүүсийн хөрөг зургууд гэхээр их сонин сонин хүмүүсийн зураг байгаад байдаг да. Оросууд өөр байдаг юм уу, энэ их л аятайхан бүсгүй шиг санагддийн.

Би бас л сэтгүүл дээрээс энэ зургийг харж байсан. Тэгээд ээжээс гуйгаад хайчилж аваад хадгалдаг байж билээ. Хармаар санагдахаараа гаргаж харчихаад л далд хийчихдэг. Бас дуурайж зурах гэж наян юм болноо. Нүдийг нь овоо дуурайлгаж зурж байснаа нэг бол хамар нэг бол уруулнаас нь эхлээд хачин юм хийчихнэ. Тэгээд л нэг хэсэг зургийн дэвтрийн хэдэн хуудас дүүрэн нүд хамар байдаг байсан. :р

Нээрээ, сая дахиад сайн харлаа. Нүд уруул нь надад хамгийн их таалагддаг байсан юм байна. Бас зогсож байгаа байдал нь. Донжтой ч гэхиймуу, эвтэйхэн бас аятайхан.



No comments: