
Миний хамгийн их үзэх дуртай бүжгэн жүжиг бол Хунт Нуур.
Их олон балет үзээгүй л дээ, гэхдээ л Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдаж байгаа балетуудын гарах хуваарийг нь хараад л, ажиглаад л, аль болох үзэхийг хичээдэг байлаа. Их сургуулийн 4-р курсэд байхдаа нэг хэсэг долоо хоног бүр үздэг байсан юм. Тэр үед оюутны хөнгөлөлтийн карт гэж байсан, тэр картаар нь дуурийн театрт тавигдаж байгаа дуурь, балетыг 50%-ийн хөнгөлөлттэйгөөр үзэх боломжтой байдаг байсан. Би ч тэр боломжийг нэг хэсэг их ашигласан л даа.
Тэр үед эхлээд Хунт нуур үзсэн санагдаж байна. Дүүтэйгээ. Гэтэл манай дүү хунгийн "чуулган" болдог хэсэг дээр унтчихсан. :| Дараа нь нэг найзтайгаа тэр үед нээлтээ хийж байсан Чойжид дагина балетыг үзсэн. Тэгээд тэрнээс хойш, дандаа ганцаараа үздэг боллоо. Ганцаараа үзэх заримдаа давуу талтай байдаг. Тухайлбал, билет худалдаж авахаас эхлээд. 2 ба түүнээс дээш тооны хүн явж байгаа үед суудлыг нь зэрэгцээгээр тааруулах хэрэг гарна, тэр тохиолдолд аль гайгүй олон суудал хоосон байгаа эгнээнээс тааруулах хэрэг гарна. Харин ганцаараа явж байх тохиолдолд, хэд хэдэн олон хүний суудлын дунд үлдсэн хамгийн урдуур эгнээнд, хамгийн голоор суудал таарах магадлал өндөрсөнө. :) Би хэд хэдэн удаа 7, 8-р эгнээний голд сууж байсан юм. Ганцаараа үзэхэд учрах дараагийн давуу тал бол балетыг үзэж байхдаа өөрөө өөртэйгөө чөлөөтэй ярьж, баярлаж, хөөрч, гуниж, уйлж болно.
Нэг юм саналаа. Бүүүүр хамгийн анх нь би 10-р ангид сурч байхдаа шинэ жилээр Шелкунчик бүжгэн жүжгийг сайн найзтайгаа хамт үзсэн юм байна. Манай тэр найз их гоё бүжиглэдэг юм. Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд олон жил явсан, гавъяат багш Жаргалсайханы шавь, монгол бүжгийг үнэхээр гоё бүжиглэдэг охин. Дугуйланд явахаа больсон ч гэсэн хүүхдийн ордны арга хэмжээнүүдэд уригдаад л, багш нартайгаа уулзаад л явдаг байсан. Тэр найзтайгаа хамт Шелкунчикийг үзсэн юм. Гоё байсан шүү. Угаасаа балет нь өөрөө ч гоё, үлгэрийн, шинэ жилийн, хүүхдийн, бас гоё романтик. Бүжиглэж байгаа нь ч гэсэн. Бид хоёрт үндэтстнүүдийнх нь бүжиг хөгжилтэй, сонирхолтой санагдж байсан. Тэрнээс хойш бүтэн 3 жил театрт орж балет үзээгүй байж байгаад нэг хэсэг үзсэн юм байна.
Их сургуульд байхдаа аль болох л их үздэг байлаа. Хунт нуур, Жизель, Цэнхэр нүдэн бүсгүй, Үйлийн гурван толгой, Дон Кихот, Бахчисарайн оргилолт булаг, ... Анх, Дон Кихотыг үзэх гээд сууж байхдаа, Шадар гурван цэргийн эхлэл дээр д'Артанъяаныг 18 настай Дон Кихоттой зүйрлэж байсныг төсөөлөөд л, нэг сайхан залуу гарч ирэх юм бодоод байсан чинь нэг бүдүүн хүн гараад ирсэн.
Энэ оросын Большой Театрын бүжигчдийн зураг. Надад Хунт нуураас хамгийн их таалагддаг хэсэг нь Неополитан бүжиг нь. Бас Хар хунгийн бүжиглэдэг хэсэг байна. Оделия-гийн ширүүн, гэхдээ чадварлаг, эрч хүчтэй бүжиглэж байгааг нь харах гоё санагддийн. Цагаан хун гоё, зөөлөн, энхрий, гэхдээ хүч сул санагддаг.
Эмэгтэй дүрүүдээс хамгийн гоё нь Дон Кихотын Китри. Галтай, цогтой, цоглог. Бас нэлээн сэргэлэн хөгжилтэй. Тийм болоод л түүнд дандаа улаан даашинз өмсгөдөг байх аа.